Энэ бүлгийн үзүүлэлтүүдийг Дэлхийн Банкнаас нийтлүүлсэн “Дэлхийн хөгжлийн үзүүлэлт 2011”
эмхтгэлээс авч бэлтгэв. Дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол үзүүлэлтүүдийг дэлхий,
бүс нутаг болон бүс нутгийн хөгжлийг тодорхойлогч сонгогдсон орнуудаар харуулав. Бусад орнуудтай
харьцуулах боломжийг хангах зорилгоор Монгол улсын үзүүлэлтүүдийг мөн орууллаа.
Дэлхийн Банк улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн ҮНО-ын үзүүлэлтийг
ам.долларт шилжүүлэхдээ Атласын аргыг ашиглан тооцдог бөгөөд нэг хүнд ногдох хэмжээг нь улс орнуудыг
ангилах, зээлжих эрхийг тодорхойлоход ашиглаж байна. Нэг хүнд ногдох үзүүлэлтийг тооцохдоо жилийн
дундаж хүн амын тоог үндэслэв. Улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүс нутаг, үүний дотор бүс
нутгийн хөгжлийг хүн ам, эдийн засгийн агуулгаар тодорхойлогч гол орнуудаар, мөн ДНБ-ийг салбар,
эцсийн ашиглалтын бүтцээр харуулав.
Өнөөдөр дэлхийд 6.71 тэрбум орчим хүн амьдарч байгаагийн 83.5 хувийг бага, дунд, 16.5 хувийг өндөр
орлоготой орнуудын хүн ам эзэлж байна. Гэвч дэлхийн нийт үйлдвэрлэлтийн 80 гаруй хувийг харьцангуй
цөөн хүн амтай, өндөр орлоготой орнууд үйлдвэрлэж, улс орнуудын хөгжлийн түвшин эрс ялгаатай хэвээр
байна. 2000 оны 9 дүгээр сард болсон НYБ-ын Дээд хэмжээний уулзалтад дэлхийн 189 орны төр, засгийн
тэргүүн оролцож “Мянганы Тунхаг” хэмээх түүхэн баримт бичгийг баталж, 2015 он хүртлэх хугацаанд
шийдвэрлэвэл зохих ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, хөгжлийн төлөө дэлхий
нийтийн түншлэлийн холбогдолтой тулгамдаж буй асуудлуудыг багцлан, хөгжил дэвшилд хүрэх найман
үндсэн зорилт, арван найман гол асуудал, дөчин найман шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон. Дэлхийн улс
орнуудын нийгэм, эдийн засгийн нийтлэг болон өвөрмөц онцлогийг харгалзан үзэх шаардлагад нийцүүлэн
Мянганы хөгжлийн дээрх зорилтуудыг өргөжүүлж, эдүгээ 8 зорилго, 21 зорилт, 60 шалгуур үзүүлэлттэйгээр
шинэчлэгдэн батлагдаж, 2008 оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж байна. Шалгуур үзүүлэлтүүдээр
хөгжлийг хэмжих болсон тул бүс нутаг, бүс нутгуудын гол орнуудын харьцуулалтыг энэ бүлэгт мөн багтаав.