Хөрөнгө оруулалт-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуримтлалыг шинээр бий болгох, түүний техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөх, сайжруулахад зориулж, тайлант жилд зарцуулсан хөрөнгө, хайгуулын ажлын зардал байна. Хөрөнгө оруулалт нь гадаад, дотоод санхүүжилтийн эх үүсвэрээр бүрэлдэж байна.
Улс, орон нутгийн төсвөөр санхүүжсэн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн шугамаар санхүүжсэн хөрөнгө оруулалтын мэдээг Сангийн яамнаас гаргаж Үндэсний статистикийн хороонд ирүүлэх бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээг Монголбанкны төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээнээс тооцон гаргана. Харин орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө оруулалтын мэдээлэл нь статистикийн нэгж, байгууллагуудаас
хүлээн авч нэгтгэгдэнэ.
Хөрөнгө оруулалтын мэдээг жилд нэг удаа барилга угсралтын ажил, машин, тоног төхөөрөмж, бусад зардал (зураг төсөв, хайгуулын ажил)-ын ангиллаар гаргаж байна.
Барилга угсралтын ажилд барилга байшин барих болон зам, гүүр, далан зэрэг инженерийн байгууламжийг барих хэлбэрээр үндсэн хөрөнгийг бий болгох, шинэчлэх, засварлах, өргөтгөхөд чиглэсэн үйл ажиллагааг хамруулна.
Машин, тоног төхөөрөмжид бүх төрлийн тээврийн хэрэгсэл, механик тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийг хамруулна.