Газар тариалан

Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс тариалсан талбай, ургацын мэдээг баг, хороод авч сум, дүүрэгт нэгтгэж, улмаар аймаг, нийслэлийн статистикийн байгууллагаар дамжин ирүүлж, Үндэсний статистикийн хороонд нэгтгэн боловсруулж байна. Манай улсад гол төлөв үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал зэргийг тарьж ургуулдаг бөгөөд тэдгээрийн тариалсан талбай, ургац хураалт, га-гийн ургацын хэмжээг улс, орон нутгийн түвшинд тодорхойлно. Хөдөө аж ахуйн газарт бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газар хамаарна. Тариалангийн талбайд хөдөө аж ахуйн ургамал тариалсан талбайг оруулах бөгөөд тухайн жилд үр суулгасан газрын нийт хэмжээгээр тодорхойлно. Нийт хураасан ургацыг тариалсан бүх талбайгаас хураан авсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, техник, тосны ургамал зэрэг таримал ургамалын хэмжээгээр тодорхойлно. Га-гийн ургац гэж талбайн нэг нэгжээс /1 га-гаас/ авах газар тариалангийн бүтээгдэхүүний /ургацын/ хэмжээ юм. Га-гийн ургацыг тодорхойлохдоо нэг төрлийн ургамал тариалсан талбайгаас хураан авсан нийт ургацыг тариалсан талбайн хэмжээнд нь харьцуулна.