Хэрэглээний үнэ

Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Хэрэглээний үнийн индексийг төрөөс санхүү, мөнгө, зээлийн бодлогыг боловсруулах, инфляцийн түвшинг тодорхойлох, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж, бусад орлогын хэмжээг индексжүүлэхэд тооцооны гол үзүүлэлт болгон ашигладаг. ХҮИ-ийн тооцоонд хэрэглээний сагс, хэрэглээний жин гэсэн хоёр үзүүлэлтийг ашиглана. Хэрэглээний сагс нь дундаж өрхийн хэрэглээг төлөөлөх чадвартай, хэрэглээний үнийн индекс тооцох зорилгоор бүрдүүлсэн хүн амын өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрлийн жагсаалт юм. Сагсанд сонгогдсон бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг тооцоходоо бараа, үйлчилгээний тоо хэмжээ, төрөл, чанар зэргийг тогтмолоор авна. Хэрэглээний бараа, үйлчилгээний жин нь өрхийн худалдаж авсан бараа, үзүүлсэн үйлчилгээний нийт зардалд тухайн бараа, үйлчилгээний зардлын эзлэх хувь юм.