Засаг захиргаа, нутаг дэвсгэр

Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэлд; аймаг сумдад, сум багт; нийслэл дүүрэгт, дүүрэг хороодод хуваагдана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргаас бүрэлдэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлана.

Монгол Улс Ази тивийн төвд, хойд өргөргийн 410 35’ – 520 08’, зүүн уртрагийн 870 44’ – 1190 55’-ийн хооронд байрладаг. Монгол Улсын хилийн нийт урт 8252.7 км, хойд талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.7 км хиллэдэг. Нутгийн баруунаас зүүн цэг хүртэл 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км, нийт 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай.

Монгол Улсын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш дунджаар 1580 метр өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Хүйтэн уулын оргил 4374 метр, хамгийн нам цэг нь Хөх нуурын хотгор 532 метр болно. Нийслэл Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1350 метрт оршдог. Монгол Улс нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээр байранд ордог. Монгол орон дөрвөн улирал ээлжилсэн эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хамгийн их салхи шуургатай үе дөрөв, тавдугаар сард тохиодог. Нэгдүгээр сард хамгийн их хүйтэн, долоодугаар сард хамгийн халуун байдаг.